Шилэн кабелийн инженерүүдийн дунд тэмцээн болно

Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, Скайнэтворкс ХХК хамтран "Шилэн кабелийн инженерүүдийн ажил мэргэжлийн уралдаан"-ыг зохион байгуулах гэж байна. 

Тэмцээн нь онолын тест болон шилэн кабелийн залгаа хийх гэсэн хоёр үе шаттай явагдах бөгөөд хоёр төрлийн нийлбэр дүнгээр эхний 3 байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм.

Тэмцээнд Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Скайнэтворкс ХХК, Мэдээллийн аюулгүй байдлын газар болон ШУТИС-ын харъяа Мэдээлэл холбооны технологийн сургуулийн оюутны баг зэрэг 13 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Тэмцээн нь 5 дугаар сарын 3-ны өдөр 13 цагаас МҮЭСТО-ны Тэмүүжин спорт цогцолборт болно.

Цаашид тэмцээнийг уламжлал болгон харилцаа холбооны стандартуудаар хийхээр төлөвлөөд байна.

Скайнэтворкс ХХК санаачлан 2016 онд анх Шилэн кабелийн залгааны тэмцээнийг хийж байсан юм.