2026 оны 3-р сарын 3, Барселона
Дэлхийн үүрэн холбооны операторуудыг төлөөлдөг байгууллага болох GSMA-аас байр сууриа илэрхийлсэн баримт бичигт дурдсанаар, дэлхийн доод тойрог замын (Low-Earth Orbit: LEO) хиймэл дагуулын тусламжтайгаар бий болсон хиймэл дагуулын үйлчилгээний шинэ эрин үе нь дэлхий даяар зохицуулалтын шинэ хандлагыг шаардаж байна.
“Сансрын холбооны үйлчилгээний зохицуулалтын бэлэн байдал (Regulatory Preparedness for Satellite Services)” нэртэй уг баримт бичиг нь бодлого боловсруулагчдыг зохицуулалтын хүрээг шинэчлэхэд идэвхтэй алхам хийхийг уриалж, инновацыг дэмжих, технологи хооронд хэрэглэгчийн хамгаалалтыг жигд хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, холбооны сүлжээний хөрөнгө оруулалтыг дэмжих, хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой таван үндсэн зарчмыг тодорхойлжээ.
LEO хиймэл дагуул нь харилцаа холбооны үйлчилгээ хүргэх хэлбэрийг үндсээр нь өөрчилж, үйлчилгээ хүрээгүй болон дутмаг байгаа бүс нутгуудад холболтыг бий болгож байна. Гэвч эдгээр шинэ үйлчилгээ (ялангуяа үүрэн холбооны операторуудтай хамтрахгүй үзүүлэх үед)-д хамаарах зохицуулалт нь жигд бус байгаа бөгөөд олон зах зээлд хангалттай хөгжөөгүй хэвээр байна. Олон улс оронд одоогийн зохицуулалтын хүрээ нь эдгээр шинэ загварт нийцэхээр боловсрогдоогүй тул холбооны үйлчилгээ үзүүлэгчид, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчдэд тодорхойгүй байдал үүсгэж байна.
Тус баримт бичигт дурдсанаар, хиймэл дагуулын сүлжээний нэвтрэлт эхний шатандаа байгаа энэ үед бодлого боловсруулагчид зохицуулалтаа сайжруулах нь хамгийн тохиромжтой цаг үе юм. Технологийн өөрчлөлттэй уялдуулан дүрэм журмыг шинэчлэх нь зах зээлд цаг алдалгүй, үр дүнтэй нэвтрэх боломжийг бүрдүүлж, хэрэглэгч болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаална.
John Giusti, GSMA-ийн Зохицуулалтын асуудал хариуцсан захирал, хэлэхдээ:
“LEO хиймэл дагуулын үйлчилгээ хурдацтай хөгжиж байна. Тэдгээр нь үйлчилгээ хангалттай бус хүрдэг бүс нутгуудад хамрах хүрээг тэлж, сүлжээний найдвартай байдлыг сайжруулж, төхөөрөмж хоорондын шууд холболтын (D2D) шинэ үйлчилгээг бий болгож байна. Үүрэн холбооны болон хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгчдийн хоорондын түншлэл нэмэгдэж байгаа нь инновацыг хурдасгаж, хэрэглэгчдэд илүү чанартай, хүртээмжтэй холболтын туршлагыг бүрдүүлж байна. Эдгээр боломжууд өргөжихийн хэрээр засгийн газрууд зохицуулалтыг илүү уялдуулах шаардлагатай болж байна. Ижил төрлийн үйлчилгээ үзүүлж буй үүрэн холбооны болон хиймэл дагуулын операторуудад ижил шаардлага тавих нь хэрэглэгчийн хамгаалалтыг жигд хангах, урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний бүрэн эрхийг хамгаалах, мөн хэрэглэгчдэд илүү өндөр үнэ цэнэ, чанар, итгэлийг бий болгоход чухал ач холбогдолтой.” гэжээ.
GSMA-ийн энэхүү баримт бичиг нь шинэ хиймэл дагуулууд хөөрч, операторууд шинэ зах зээл, үйлчилгээ рүү өргөжиж буй цаг үед гарч байна. LEO бүлэглэлүүд хурдацтай өргөжихийн хэрээр ирээдүйг харсан зохицуулалт нь эдгээр технологийн боломжийг бүрэн ашиглахад зайлшгүй шаардлагатай болно.
Орчин үеийн зохицуулалтын хүрээг чиглүүлэх 5 үндсэн зарчим
1. Ил тод байдал ба урьдчилан таамаглах боломж (Transparency and Predictability):
Зах зээлд нэвтрэх тодорхой, тогтвортой, ойлгомжтой дүрэм журам бий болгож, шинэ хиймэл дагуулын операторууд болон одоо байгаа үүрэн холбооны операторууд урт хугацааны хөрөнгө оруулалтын шийдвэрийг итгэлтэй гаргах нөхцөлийг бүрдүүлэх;
2. Зохицуулалтын тэгш байдал (Regulatory Parity):
Ижил үйлчилгээ үзүүлж буй хиймэл дагуулын операторууд үүрэн холбооны операторуудтай адил хууль, зохицуулалтын шаардлагад захирагдах нөхцөлийг хангах замаар шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх;
3. Уялдаа, нийцэл (Harmonisation):
Үндэсний бодлого, зохицуулалтыг бүс нутгийн болон олон улсын стандарттай нийцүүлж, зохицуулалтын хуваагдлыг багасган, дэлхийн хэмжээний хиймэл дагуулын сүлжээ хил дамнан үйл ажиллагаа явуулахад хялбар болгох;
4. Хамтын ажиллагаа ба зөвлөлдөх (Collaboration and Consultation):
Засгийн газар, зохицуулагч байгууллага, салбарын оролцогчдын хооронд нээлттэй харилцан яриаг хадгалж, бодлого шийдвэр нь нотолгоонд суурилсан, бүх талын оролцоог хангасан, зах зээлийн бодит нөхцөлд нийцсэн байх;
5. Инноваци ба зохицуулалтын тэнцвэр (Balance Innovation with Regulation):
Технологийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ хэрэглэгчийн хамгаалалт, өгөгдлийн нууцлал, үндэсний аюулгүй байдал зэрэг чухал ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай.
Эх үүсвэр: https://www.gsma.com/solutions-and-impact/connectivity-for-good/public-policy/wp-content/uploads/2026/02/Regulatory-Preparedness-for-Satellite.pdf