Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзолийн санаачилгаар нийслэлд 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийн явц, уялдаа холбоотой асуудлаар холбогдох талуудын уулзалтыг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад гишүүн байгууллагуудын төлөөлөл болох нийт 19 хүн оролцож, нийслэлийн хэмжээнд энэ онд хэрэгжих дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудын төлөвлөгөө, хэрэгжилтийн явцын талаар танилцуулав. Мөн уулзалтаар уг төслүүдтэй холбоотойгоор агаарын кабелийг буулгаж, газар доогуур шилжүүлэх ажлын зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал нэгдэв.
Түүнчлэн агаарын кабелийн шугам сүлжээг цэгцлэх ажлыг төслүүдтэй уялдуулан үе шаттай хэрэгжүүлэх, зам талбай болон инженерийн дэд бүтцийн ажлуудтай давхцал үүсгэхгүй байх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хувийн байгууллагын зардлаар босгосон шон, харилцаа холбооны шугам сүлжээг бүхэлд нь болон хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэх, буулгахтай холбоотой зардлыг тухайн ажлын төсөвт суулгадаг байх зэрэг саналыг Нийслэлийн удирдлагуудад дамжуулж өгөхийг МХОА-ийн гишүүдийн зүгээс хүслээ.

Цаашид холбогдох төр хувийн хэвшлийн уялдаа холбоог ханган, хийж хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрүүдээ төслийн шатанд байхад нь буюу анхнаас нь шат дараатайгаар санал авдаг байх, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр, шийдлүүдийг гаргадаг байхад анхаарч ажиллахыг хүсч, дараагийн уулзалтаар МХОА-ийн гишүүд дотроо саналаа нэгтгэн, илүү тодорхой, тоо баримтад тулгуурласан байдлаар уулзалдахаар тохиролцов.