IMT-2030: 6G-ийн техникийн гүйцэтгэлийн шаардлагууд

2026 оны 3 дугаар сарын 17 

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-ын үүрэн холбооны салбарын мэргэжилтнүүд IMT-2030 буюу 6G-ийн гүйцэтгэлийн шаардлагууд дээр санал нэгдсэн байна.

Хоёрдугаар сард ОУЦХБ-ын экспертүүд зөвшилцсөний дагуу баталсан уг шаардлагын төсөл нь дараагийн үеийн утасгүй холбоо болон харилцаа холбооны системийг тодорхойлох үйл явцад чухал ахиц дэвшил боллоо.

5D ажлын хэсэг нь ОУЦХБ-ын Радио холбооны секторын (ITU-R)-ын бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд 6G радио интерфэйсүүдийг үнэлэх нэгдсэн шаардлагуудыг эцэслэн боловсруулсан юм. Эдгээрийг албан ёсоор батлах шийдвэрийг дээд шатны судалгааны бүлэг арванхоёрдугаар сард хуралдах үеэр гаргахаар төлөвлөж байна.

IMT-2030 нь өнөөгийн 5G сүлжээний стандарт болох IMT-2020-д суурилан хөгжиж байгаа бөгөөд илүү дэвшилтэт шинэ хэлбэрүүдийг дэмжих өргөн боломжуудыг тусгасан.

Ажлын хэсгийн боловсруулсан “IMT-2030 радио интерфэйс(үүд)-ийн техникийн гүйцэтгэлтэй холбоотой минимум шаардлагууд” төсөлд нийт 20 төрлийн техникийн гүйцэтгэлийн шаардлага (Тechnical Performance Requirements: TPR) багтсан бөгөөд үүнээс 7 нь 6G-ийн гүйцэтгэлийг тодорхойлоход зориулагдсан шинэ шаардлагууд юм.

Хэрэглээний хувилбарууд: 

6G сүлжээний шаардлагууд нь дараах 6 төрлийн хэрэглээний хувилбарууд дээр суурилан тодорхойлогдсон байна:

- Иммерсив харилцаа холбоо (Immersive Communication – IC) 

- Маш өндөр найдвартай, маш бага хүлээгдэл шаардсан хэрэглээ (Hyper Reliable and Low-Latency Communication – HRLLC)

- Массив харилцаа холбоо (Massive Communication – MC)

- Өргөн хүрээтэй, тасалдалгүй холболт (Ubiquitous Connectivity – UC)

- Хиймэл оюун ухаан ба харилцаа холбоо (Artificial Intelligence and Communication – AIAC)

- Мэдрэхүй болон харилцаа холбоог нэгтгэсэн технологи (Integrated Sensing and Communication – ISAC)

 

IMT-2030 -ын хамрах хүрээ

Шинээр тодорхойлогдсон 6G-ийн шаардлагууд нь IMT-2030-ын хамрах хүрээнд суурилагдсан бөгөөд ОУЦХБ нь уг хамрах хүрээг 2023 оны 12 дугаар сард дараагийн үеийн холболтын уялдаа, нийцлийг хангах суурь баримт бичиг болгон анх нийтэлж байсан юм. (Зөвлөмж ITU-R M.2160).

Энэхүү зөвлөмж нь ирээдүйн сүлжээний дизайны суурь зарчмуудыг мөн тодорхойлдог. Үүнд:

- Тогтвортой байдал (Sustainability)

- Аюулгүй байдал ба найдвартай, тасалдалгүй ажиллах чадвар (Security and resilience)

- Дижитал үйлчилгээний тэгш хүртээмж (Connecting the unconnected)

- Ухаалаг орчин (Ubiquitous intelligence)

ОУЦХБ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дижитал технологийн чиглэлээр ажилладаг байгууллагын хувьд үүрэн холбооны 6 дахь үе (6G)-ийг эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, гамшгийн хариу арга хэмжээнд ашиглан өртөг хямд, найдвартай, эрчим хүчний өндөр үр ашигтай сүлжээг бий болгохыг зорьж байна.

Мөн дэвшилтэт сүлжээ нь өнөөдөр бага орлоготой улс орнуудын хүн амыг бүрэн хамруулж чадахгүй хэвээр байгаа дижитал ялгааг бууруулахад чухал шийдэл болох боломжийг бүрдүүлж байна.

Өнөөг хүртэл хийгдсэн энэхүү ажил нь IMT-2030-д зориулсан боломжит радио интерфэйсүүдийг үнэлэх нэгдсэн техникийн суурийг бүрдүүлж, дэлхий дахины хэмжээнд 6G-ийн судалгаа болон стандартчиллын хөгжлийн чиглэлийг тодорхойлох үндэс болж байна.

 

Эх үүсвэр: https://www.itu.int/hub/2026/03/imt-2030-technical-requirements-for-the-6g-future/