SpaceX компани 1.75 их наяд долларын IPO үнэлгээ авах зорилгоор Starlink-ийн үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээг өргөтгөхөөр төлөвлөж байна

Starlink нь тухайн жилийн эцэс гэхэд сар бүр 25 сая хэрэглэгчийг холбохоор төлөвлөж байгаа бөгөөд уг үйлчилгээ нь видео дуудлага хийх болон стриминг контентыг дамжуулах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Rani Molla, 3/2/26 8:12

Даваа гарагийн өглөө болсон Mobile World Congress-ийн үндсэн илтгэлийн үеэр SpaceX-ийн Ерөнхийлөгч Гвинн Шотвелл (Gwynne Shotwell) болон Starlink-ийн Инженерчлэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Майкл Николлс (Michael Nicolls) нар тус компани нь шууд гар утсанд холбогдох (direct-to-cell) технологид суурилсан, “Starlink Mobile” гэсэн брэнд нэртэй бүтээгдэхүүнээрээ дамжуулан өргөн зурвасын түвшний үүрэн холбооны үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдэв.

Тус компани нь одоо байгаа сар бүрийн 10 сая идэвхтэй хэрэглэгчдийн тоог 2026 оны эцэс гэхэд 25 саяд хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Энэхүү үйлчилгээ нь нэмэлт төхөөрөмж, техникийн өөрчлөлт шаардахгүй ухаалаг гар утсаар алслагдсан бүс нутагт өндөр хурдны интернэт, тэр дундаа видео дуудлага ашиглах боломж бүрдүүлэхээр төлөвлөгджээ.

Майкл Николлсын хэлснээр, хэрэглэгч автомашиндаа зорчиж байхдаа, эсвэл гар утсаа халаасандаа хийсэн үедээ Starlink Mobile-ийн сүлжээнд холбогдсон бол өндөр чанартай 5G газрын (terrestrial) сүлжээнд холбогдсон мэт ижил түвшний үйлчилгээний чанарыг мэдрэх ёстой аж. Тэд ийм өндөр чанарын үйлчилгээ хүргэхийг зорьж байна.

Гэсэн хэдий ч SpaceX хиймэл дагуулын үйлчилгээ нь уламжлалт үүрэн холбооны сүлжээг орлох бус, харин нөхөх үүрэгтэй гэдгийг онцолжээ. Тус үйлчилгээ нь газрын сүлжээнийхтэй адил өгөгдлийн нягтрал, багтаамжийг хангах боломжгүй ч сүлжээний хүртээмжгүй бүс нутаг болон нэмэлт хүчин чадал шаардлагатай үед хамрах хүрээг өргөтгөх шийдэл болох юм. Ийм нөхцөл байдал АНУ-ын өргөн уудам нутаг дэвсгэр болон дэлхийн олон улс орнуудад ажиглагддаг.

Одоогоор SpaceX нь Starlink Mobile-ийг AT&T, Verizon зэрэг операторуудын шууд өрсөлдөгч бус, харин тэдний үйлчилгээний хамрах хүрээг дэмжих, нөхөх шийдэл болгон байршуулж байна. Энэхүү үйлчилгээ нь алслагдсан бүс нутаг, далайн орчин, мөн онцгой байдлын үед, мөн газрын сүлжээ доголдсон нөхцөлд ашиглагдах зориулалттай. Шотвеллын мэдээлснээр T-Mobile нь SpaceX-ийн АНУ дахь анхны бөгөөд одоогоор цорын ганц оператор түнш хэвээр байна.

Энэхүү гар утасны үйлчилгээний өргөтгөл нь SpaceX хөөргөлтийн үйлчилгээний хүрээнээс давсан стратегийн зорилтоо тэлж буйтай уялдаж байна. Өнгөрсөн сард тус компани Гүйцэтгэх Захирал Илон Маскийн үүсгэн байгуулсан хиймэл оюуны стартап xAI-ийг худалдан авч, пуужингийн технологи, хиймэл дагуулын өргөн зурвасын интернэт, гар утасны холболт болон хиймэл оюуны чиглэлийг нэгтгэсэн нэгдсэн бүтцийг бүрдүүлжээ.

Мөн SpaceX нь Үнэт цаас, биржийн хороонд IPO бүртгэлийн баримт бичгээ ойрын хугацаанд хүргүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд компанийн үнэлгээг 1.75 их наяд ам.долларт хүргэх зорилт тавьсан тухай мэдээлэгдсэн.

Нэгдлийн (the merger) үед компанийн үнэлгээ ойролцоогоор 1.25 их наяд ам.доллар байсан бөгөөд үнэлгээ өсөх төлөв нь пуужингийн хөөргөлтөөс гадна хиймэл дагуулын интернэт болон гар утасны үйлчилгээ зэрэг шинэ бизнесийн чиглэлүүдийг хөрөнгө оруулагчид орлогын гол хөдөлгөгч хүчин гэж үнэлж байгааг илтгэж байна.

 

Source: https://sherwood.news/tech/spacex-to-expand-startlinks-mobile-coverage-as-it-seeks-usd1-75-trillion-ipo/