Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөж байхад ганцхан салбарынх буурч байдгийг мэдэх үү. Энэ бол харилцаа, холбооны салбар юм. “Бусад бүх зүйлийн үнэ өсөж байхад ганц манайх л буурч байдаг” хэмээн салбарынхан дотроо ярьдаг болоод удаж байна. Технологио дагаад яриа, текстэн мессежний хэрэглээ буурч, дата үйлчилгээний хэрэглээ огцом нэмэгдэж байна.
3G хэрэглэж байгаад 4G рүү шилжсэн, харин одоо 5G хэрэглээд эхэллээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны тайлан мэдээгээр 2007 онд үүрэн холбооны үндсэн үйлчилгээний орлогын 90 орчим хувийг ярианы үйлчилгээ дангаар эзэлж байсан бол 2008 оноос хойш өндөр хурдны 3G үйлчилгээ, 2016 онд LTE үйлчилгээ нэвтэрснээс хойш хэрэглэгчийн хандлага ярианаас дата үйлчилгээ рүү шилжиж, жилээс жилд ярианы үйлчилгээний орлого буурч, дата үйлчилгээний орлого өсөж байна. 2022 онд нийт орлогын 35.35 хувийг ярианы үйлчилгээ, 31.26 хувийг дата үйлчилгээ эзэлж байсан бол 2024 онд нийт орлогын 43.72 хувийг дата үйлчилгээний орлого, 24.80 хувийг ярианы үйлчилгээний орлого эзэлж байна. Дата үйлчилгээний орлогыг 2017 онтой харьцуулахад 7.5 дахин өссөн байна.
Үүрэн холбооны нэг хэрэглэгчээс олох дундаж орлогыг (ARPU) тооцоолоход 2023 онд 16,544 төгрөг байсан бол 2024 оны байдлаар 20,548 төгрөг болж өмнөх оноос 24 хувиар өссөн байна.”Гадаа орчны нөлөө, инфляц, валютын ханш, макро түвшний нөлөөнөөс хамаараад үйлчилгээний үнэ, тарифыг бууруулахад хэцүү байгаа ч тогтвортой түвшинд байлгах бодлогыг барьж байна. Хэрэглэгчид яагаад үнэтэй байна гэж бодох болсон бэ гэвэл энэ нь зөвхөн дата үйлчилгээнд хамаарч байна. Дата үйлчилгээг нэгжлээд бодох юм бол үнэ нь өсөөгүй, бараг буурах маягтай байгаа. Өмнө нь хүний сарын хэрэглээ дунджаар 2 гега байсан бол одоо өссөн. 2 гегаг нэг бүрийг нь 2000 төгрөгөөр бодоод 4000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 1000 төгрөгөөр 6 гега буюу 3 дахин илүү хэрэглээд таны төлөх мөнгө 20%-иар өсч байна. Энэ нь үнэ өсч байгаа юм шиг санагдах талтай” хэмээн Харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тариф, өрсөлдөөний зохицуулалтын ахлах мэргэжилтэн Т. Ганбат хэллээ.
Датаг талх шиг л хэрэглэж байна
Харилцаа холбооны технологи хурдацтай хөгжиж, түүнийг дагаад төхөөрөмжүүд шинэчлэгдэж байна. 3G хэрэглэж байгаад 4G рүү шилжсэн, харин одоо 5G хэрэглээд эхэллээ. Хүн Youtube дээр 560 пиксельтэй энгийн форматын бүрсгэрдүү сигнал үзэж байсан бол 4G болонгуут технологи өөрөө ухаалаг болохоор аль болох өндөр нягтралтай HD, 4К гээд 1024 пикселийн контент үзүүлээд эхэлж байна. Тэр хэмжээгээр илүү их дата зарцуулна. 10 жилийн өмнө 1.30 цагийн киног 1 гегагаар үздэг байсан бол одоо 4 гегагаар үзэх болж байна.
Нөгөөтэйгүүр өнөөгийн амьдралын хэвшлийг харахад хүн интернэтээс маш их хамааралтай болсон. ТВ, ном, сонин унших хэрэглээ эрс буурч, интернэтээс бүх мэдээллээ авч байна. Технологийн хөгжлөө дагаад төхөөрөмжүүд ч дараа, дараагийн дэвшилтэт хувилбаруудыг ар араас нь гаргаж байна. Төхөөрөмжийн чадал сайжрах тусам дагалдах үйлчилгээний үнэ байнга шинэчлэгдэж байдаг. Сайжруулсан төхөөрөмжүүд автоматаар шинэчилсэн программаа татаж байна. Та гар утсандаа гар хүрээгүй, юу ч оролдоогүй юм шиг байгаа боловч утас чинь программын update-аа дата ашиглан татаж л байдаг.
Монголын үүрэн холбооны операторууд хэрэглэгчдэдээ хамгийн хямд биш боловч хамгийн боломжит хямд үнийг санал болгож байгааг Юнител, Скайтел компанийн төлөөллүүд хэлж байна. Нэг гегабайт датаны үнэ Монголд 1000 орчим төгрөг буюу 30 орчим цент байна. Дэлхийн дунджаар авч үзвэл $2.59 байгаатай харьцуулахад Монголд дэлхийн дунджаас 4 дахин хямд гэсэн үг юм. Хамгийн хямд дататай улс бол Израиль, тэнд 1 гегабайт дата 2 цент байгаа бол Швейцарьт $7.29, АНУ-д $6 байна. Тэрбум илүү хүн амтай манай өмнөд хөрш Хятадаас хямд датаг монголчууд бид хэрэглэж байгаа юм.
Өртөг юунд суурилж бий болдог вэ?
Дата хэрэглээ нэмэгдэхийн хэрээр оператор компаниудын систем, сүлжээ, бааз станцуудад хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж байдаг. Үнэндээ бол энэ хөрөнгө оруулалт дата хэрэглээний өсөлттэй холбоотойгоор биш зогсоо чөлөөгүй хийгдэж байдаг. Энэ бол харилцаа холбооны салбарын онцлог гэж хэлж болно.
Салбарын онцлогын талаар Юнителийн Эрсдэлийн удирдлага, комплаенс хариуцсан газрын захирал Л.Пагамсүрэн “Манай салбарын өртөгт суурилж тогтож байна. Монголын хувьд хэрэглэгч цөөнтэй зах зээлд тооцогддог, газар нутаг өргөн уудам, хүн амын суурьшилт харилцан адилгүй гээд 2-3 онцлог хүчин зүйлс өртөгт нөлөөлж байна. Дэлхийн үнэтэй харьцуулахад Монгол хямдхандаа орно. Дэлхийн дунджаас Монгол Улс 21%-иар хямд байна. Гэвч хямд байгаа нь онцлог биш. Хямд байлгах гэж хичээдэг гэж хэлэх нь зөв болов уу. Харилцаа холбоо эдүгээ хүний үндсэн хэрэглээ болчихсон учраас үнэтэй байлгах нь нийгэмд хохиролтой болсон. Тиймээс зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр үнийг тогтоох зах зээл биш юм” хэмээн хэллээ.
Олон улсад харилцаа холбооны салбарын ашгийн маржин тогтвортой, 20-40%-д хэлбэлздэг байна.
Технологи асар хурдацтай шинэчлэгдэж, тэр чинээгээр үнэ тарифт нөлөөлж байна. Өмнө нь харилцаа, холбооны салбарын технологи 3-5 жилдээ шинэчлэгдэж байсан бол одоо энэ мөчлөг богиноссон. Монгол өнөөдөр 5G ярьж байхад глобал дэлхий 6G рүү орж байна. Өртгийг бүрдүүлж байгаа зүйлийн нэг болох бааз станцын хүчин чадал хэрэглэгчийн тооноос хамаарна, олон хэрэглэгчтэй бол өртөг буурна, цөөн бол өртөг өндөр байна. Монголын 3.5 сая хүний 2 сая нь хэрэглэгч гэж тооцож болно. 2 сая гэдэг бол харьцангуй жижиг зах зээлд тооцогдоно. Хүн амын суурьшлыг авч үзвэл нийслэл Улаанбаатартаа хэт төвлөрч байгааг бүгд мэднэ. Гэвч цаг агаар дулаарч эхлэнгүүт нийслэлд төвлөрч байсан хэрэглэгчдийн урсгал баруун чиг рүү нэмэгдээд эхэлдэг онцлогтой. Орон нутгийн иргэдийн хувьд ч амьдралын хэв маягаа дагасан шилжилт хөдөлгөөнтэй. Зун, намартаа энд тэнд тархан байснаа өвөл болонгуут уулын энгэр газар руугаа буюу өвөлжөө рүүгээ бөөгнөрөөд эхэлдэг. Шилжилт хөдөлгөөн хаашаа ч хийгдсэн интернэтийн найдвартай сүлжээтэй байлгах үүрэг оператор компаниудад ногддог. Найдвартай сүлжээ гэдэг нь Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан дэд бүтцийг зогсоо зайгүй жил болгон байгуулж байдаг гэсэн үг юм.
Өртөгт нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь ханшийн эрсдэл юм. “Манай салбар ам.доллар, юанийн ханшаас ихээхэн хамааралтай. Бусад салбартай харьцуулвал хөрөнгө оруулалтын 80-аас дээш хувь нь гадаад валютаар хийгддэг. Компаниуд өөрийн хөрөнгөөс гадна гадна, дотнын банкны зээлээр хөрөнгө оруулалт хийж байна. Тиймээс ханшийн эрсдэл өндөр” хэмээн Скайтел компанийн Маркетингийн газрын захирал Ж.Сарнай хэлж байна.
Олон улсад харилцаа холбооны салбарын ашгийн маржин тогтвортой, 20-40%-д хэлбэлздэг байна.
2023 оноос хойш эрчим хүчний зардал 60% өссөн ч энэ өсөлтийг хэрэглэгчид шууд аваачин үүрүүлэлгүй, зардлаа зөв зохистой удирдах, хэрэглэгчийн хэрэглээг тогтмол нэмэгдүүлж, интернэтийн бөөнийн урсгалыг нэмэгдүүлэх стратегийг оператор компаниуд баримталж байна. “Яриа буурч, дата нэмэгдэж байна. Дэлхийн дунджаар дата хэрэглээ 27-30% өсч байна, манай компанийн хувьд ч дэлхийн дундажтай ойролцоо жилд 30% өсч байна. Бусад салбарт үнэ өсч байхад манайд л буурч байна. Нэгжийн өртгийг бууруулах бодлого барьж байна” хэмээн Ж.Сарнай хэллээ.
Харилцаа холбоонд оруулсан хөрөнгө оруулалтыг зарим улс 5 жилд нөхөж байгаа бол Монголд 20 жилд нөхөж байна. Харилцаа холбоо нь бүх нийтэд хамаатай бизнес учраас ашигт ажиллагааны харьцааг 2-3 нугалах ямар ч боломжгүй, зохицуулалт шаардсан онцгой салбар юм. Дэлхийн дундаж глобаль харьцааг авч үзэхэд тухайн улсын хүн амын нэг сарын дундаж орлогын 1.3-1.4%-иас хэтрүүлэхгүй, бүүр ихдээ 2%-иас хэзээ ч хэтэрдэггүй алтан харьцаа мөрдөгдөж байна.
Дата литераси
Дата хэрэглээ бол талхтай ижил өдөр тутмын зайлшгүй хэрэглээнд тооцогдож эхэллээ. Дата хэрэглээгээ хянах, зөв хэрэглэх, ер нь дата гэдэг чинь юу вэ гэдгийг таньж мэдэх шаардлага зүй ёсоор тавигдаж эхэлжээ.
Таны үзэж байгаа видеог 2G, 3G, 4G, 5G технологиудаар үзэхэд дата хэрэглээний асар их ялгаа бий. Та утсаа сайжруулах тусам дата хэрэглээ нэмэгдэж, хэрэглэсэн хэмжээгээр датандаа мөнгө төлж байгаа.
“Миний фэйсбүүк орох хугацаа ерөөсөө өөрчлөгдөөгүй боловч датанд илүү их мөнгө төлж байна” гэсэн гомдол хэлэх хүмүүс тааралддаг. Таны фэйсбүүкд орох хугацаа уртсаагүй ч танд харагдаж байгаа бүхий л видео контент автоматаар татагдчихаж байгаа.
“Өнгөрсөн сард авсан датагаа бүрэн хэрэглээгүй байхад алга болчлоо” гэсэн гомдол хэлж байгаа хэрэглэгч дата бол өнөөдөр нөөцөлж тавиад маргааш иддэг талх биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
Интернэтийн хурдын талаар мөн ташаа ойлголт хэрэглэгчдэд байдаг. Тухайлбал, урьдчилсан төлбөртийн датаны хурд, дараа төлбөртийн хурд хоёр ялгаатай. Дараа төлбөртийн интернэтийн урсгал арай хурдтай, өргөн зурвасаар урсч байдаг, энэ нь хэрэглээ нь илүү аятайхан гацалт багатай гэсэн үг. Хоёр хэрэглэгч яг адилхан 10 гегабайт дата авлаа гэхэд урьдчилсан төрбөртийнхөн арай ачаалал ихтэй урсгал ашиглаж байна гэсэн үг. Хурд нэмэгдэх тусам багц нь хурдан дуусна гэдгийг ч ойлгох хэрэгтэй.
Бас Монголын дата удаан гэж ярьдаг, үнэндээ энэ тийм биш, манай хурд дажгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Жишээ нь АНУ-д сард $30-аар өгч байгаа интернэтийг Монголд $7-аар өгч байна. Европын орнуудын 1-р давхрын ресторанд интернэт холболт байхгүй байх тохиолдол байдаг. Гэтэл Монголд В1 давхарт интернэт оруулсангүй гэж гомдоллодог.
Эдгээрээс үүдэн дата литераси гэдэг ойлголт бий болоод байна.
Д.НАРАНТУЯА
Эх сурвалж: https://gogo.mn/r/v16oq0