ICT-2025 СПОРТ НААДМЫН ТАЙЛАН

2025 оны 5-р сарын 13-наас 6-р сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ICT 2025 спортын наадам нь салбарын хамт олон, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, спортын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци (МХОА) ажиллаж, ивээн тэтгэгчээр Мобиком, Скайтел, Юнител, Жи Мобайл, Мэдээлэл холбооны сүлжээ, Монголын цахилгаан холбоо, Монгол шуудан компаниуд хамтран оролцсон юм.

Тус наадамд нийт 26 байгууллагын 1162 тамирчин 7 үндсэн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцсон бөгөөд тэмцээний цар хүрээ, уур амьсгал, оролцоо, зохион байгуулалтын хувьд өмнөх жилүүдээс илүү өргөн, шинэлэг байдалтай байв. Наадмын нэг онцлог нь ширээний теннис болон шатрын төрлийг багийн оноонд нөлөөлөхгүй байдлаар ахмадын ангиллыг тусгайлан зохион байгуулсан явдал байлаа. Ахмад ажилтнуудын оролцоо нь зөвхөн тэмцээний спортын агшнуудыг илтгэхээс гадна үе үеийн залгамж холбоог харуулж, байгууллагын үнэ цэнийг илүү гүнзгий мэдрүүлсэн үйл явдал боллоо.

Мөн энэ жилийн тэмцээнд цахим спортын төрөл онцгой байр суурь эзэлсэн. Нийт 31 баг PUBG, CS2, DOTA2 төрлүүдэд өрсөлдсөн нь энэхүү төрлийн тэмцээн салбарын залуусын дунд хэр их эрэлттэй, сонирхолтой, өргөн хүрээг хамарч буйг харуулав. Цахим спортын зохион байгуулалтыг "Юнител" групп ХХК хариуцан ажилласан бөгөөд тэмцээнүүд нь шууд дамжуулалттай, дэмжигчдийн идэвхи өндөртэй, онцлох мөчүүд арвинтай байв. Тэмцээний төрөл тус бүрийн зохион байгуулалтыг дараах байдлаар гишүүн байгууллагууд хуваан гүйцэтгэсэн юм. Волейболыг Мобиком, шатрыг Монгол шуудан, хөл бөмбөгийг Скайтел, дартсын тэмцээнийг Монголын цахилгаан холбоо, сагсан бөмбөгийг Мэдээлэл холбооны сүлжээ, ширээний теннис төрлийг Жи Мобайл компаниуд тус тус зохион байгуулж, идэвхи санаачлагатай оролцлоо. Нээлт болон хаалтын ажиллагаа, бүх төрлийн сошиал постер, дизайн, фото зураг, шууд дамжуулалтын ажлыг “Оргил медиа” маркетингийн компанитай гэрээ хийн, хариуцан гүйцэтгүүллээ.

Санхүүгийн хувьд тэмцээний нийт зардал 251,500,000 сая төгрөг төсөвлөснөөс 235,400,000 төгрөг цугларсан бөгөөд тэмцээний бодит зардал 239,089,500 сая болсон. Ерөнхий зохион байгуулагч Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн 7 гишүүнээс тус бүр 11,7 сая төгрөгийн санхүүгийн нэмэлт хураамж төвлөрүүлж, 81,9 сая төгрөгийн санхүүжилт бүрдүүлсэн. Шагналын тухайд, спортын төрөл бүрт амжилттай оролцсон баг, тамирчдыг шагнасан бөгөөд багийн нийлбэр 41 оноогоор Мэдээлэл холбооны сүлжээ тэргүүлж, Скайтел групп ХХК 43 оноогоор 2-р байранд, Мобиком корпораци ХХК 44 оноогоор 3-р байрт шалгарсан юм. Харин МХОА-ийн нэрэмжит шагналыг Мэдээлэл холбооны сүлжээний Э.Батхүү, Скайтел компанийн С.Мөнхчулуун нар хүртлээ.

Цахим спортын төрлүүдийн ялагчдыг дурдвал: PUBG төрөлд Unitel тэргүүлж, NETCOM, ICT Group багууд удаалав. CS2 төрөлд Mobicom 1-р байр эзэлж, дараагаар нь Unitel, Call Pro багууд жагссан бол DOTA2 төрөлд Unitel, Skytel, Summit компанийн багууд тус тус шагнал хүртсэн. Энэ жилийн тэмцээний хамгийн чухал үр дүн бол байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан хүндлэл, спортын ухамсар дээшилж байгаагийн илрэл байв. Зөвхөн ялагчийг тодруулах бус, нэгдэл, тэгш оролцоо, үе үеийн залгамж халааг харуулсан, салбарын хүсэн хүлээдэг, үнэ цэнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци

2025 он