2025 оны 3-р сарын 29-ний өдөр Чингис хотноо болсон "Зүүн бүсийн чуулган" 2025 хүрээнд зүүн гурван аймгийн газрын даамал, аймгийн ерөнхий архитектор болон газар зохион байгуулалтын алба, хэлтсийн дарга нарын оролцсон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Тус хэлэлцүүлэгт ЦХИХХЯ-ны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогын газрын дарга Т.Батболд, ЗБТХ-н дарга Х.Нинжболор, Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Эрдэнэцэцэг нар болон аймгуудын төлөөлөл нийт 19 хүн оролцож санал солилцов.
Тус хэлэлцүүлгийн гол зорилго нь бүс нутагт тохирсон харилцаа холбооны дэд бүтцийн бэлэн байдал, газар зохион байгуулалтын асуудал, 5G технологийг нэвтрүүлэх, өрх бүрийг өндөр хурдны интернетийн сүлжээгээр хангах асуудал, хот байгуулалтын төлөвлөлт, зурвас газрын зохицуулалт, харилцаа холбооны сүлжээний дэд бүтцийн хөгжил зэрэг чухал сэдвүүдийг хөндөн, тэдгээрийн эргэн тойронд үүсч буй асуудлыг тал бүрээс нь хөндөн хэлэлцэж, аймаг тус бүрт тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэв.
Оролцогчид харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бодлогын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцлов. Түүнчлэн, дараагийн бүсчилсэн хөгжлийн чуулганд ХХЗХ-той хамтран асуудлыг тойрч сонсох, санал авах тогтолцоог тодорхой болгож, орон нутгийн хэрэгцээнд нийцсэн бодлого боловсруулахад анхаарах нь зүйтэй гэж үзлээ.