Танхимуудын танхим, холбоодын холбоо болсноор илүү хүчтэй

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдах гэж байгаатай холбоотой асуудлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч ноён Д.Энхтүвшинг ээлжит өглөөний уулзалтанд урьж ярилцлаа.

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн ерөнхийлөгч Б.Мөнхбат ассоциацийн өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, үйл ажиллагааны талаар танилцуулж, харилцаа холбоо мэдээллийн технологийн салбар нь бусад салбарыг бодвол маш хурдацтай хувьсан өөрчлөгдөж байдаг, түүнийгээ дагаад бодлого зохицуулалт, зохион байгуулалт шаарддаг онцлогтой гэдгийг дурьдаад цаашид ч хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч, ноён Д.Энхтүвшин “Төр хувийн хэвшлийн хооронд уулзалт байнга болдог ч дараа нь цөөн хэдэн компанийн асуудал болж хувирдаг. Энэ мэт асуудлыг шийдвэрлэж, институц хооронд ярьдаг болно. Хувийн хэвшил нэгдэж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудал ч шийдэгдэнэ. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдаж, хэд хэдэн өөрчлөлт орсон. Гэвч төр хувийн хэвшлийг төлөөлөх чиглэлд дорвитой өөрчлөлт орж байгаагүй. Холбоог мэргэжлийн болгох асуудлыг ч хөндөж байна. Татварын орчин, зээлийн хүү, ажиллах хүчин тогтвортой байдал, төрийн институц хоорондын уялдаа, төр хувийн хэвшлийн бизнес хийдэг зэрэг асуудлыг зохицуулна. Танхимын хуулийг ашиглаад бизнесийн байгууллагуудыг илүү хүчтэй болгож нэгтгэх, одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын холбоодын нийтлэг эрх ашгийг хамгаалахын тулд тухайн холбоодтой хамтардаг байх нь тус хуулийн гол өөрчлөлт юм.

                  

Түүнчлэн МҮХАҮТ-ын бүтцэд өөрчлөлт оруулж, салбар танхимууд нь мэргэжлийн холбоод шиг салбар бүрийг төлөөлдөг болох асуудлыг хөндөж байна. Энэхүү загварыг БНАУ, ХБНГУ, Турк, БНСУ-д туршигдсан, үр дүнтэй загвар юм. Мөн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн эрх ашиг энд яригдана. Тодруулбал, нэг хүн эсвэл хэсэг бүлэг хүн ТББ байгуулж, төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдаг. Тиймээс энэ байдлыг хуулийн заалтаар зохицуулахаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 5-р сардаа багтаад Засгийн газрын хурлаар оруулахаар ажиллаж байна” гэв.