У.Тамир: “Харилцаа холбооны салбарын үсрэнгүй хөгжлийн түлхүүр “нууц” нь төрийн оролцоогүй, хараат бус зохицуулалттай байсных

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн хувьд мэдээлэл харилцаа холбооны салбарт үйлчилгээ үзүүлдэг, харилцаа холбооны технологийн дэвшилд гарц нээж буй тоглогчдын нэгдэл юм. Ингээд тус ассоциацийн Гүйцэтгэх захирал У.Тамиртай ярилцсанаа хүргэе.

-Дэлхий дахины хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь технологийн салбар болж хувирлаа.Тэгвэл энэ салбарын үндэс суурийг бүрдүүлж байгаа Монголын мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийн түвшин хаана явж байна вэ?

-Харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг 100 хүнд ноогдох хэрэг­лэгчийн тоогоор илэр­хийлдэг.Монгол улс энэ үзүүлэлтээрээ дэлхийн дундаж үзүүлэлтээс 27.2 нэгжээр өндөр байгаа.Монгол Улсын хэмжээнд 49 мянган км шилэн кабелийн сүлжээг байгуулсан.Тодруулбал 330 сум бүгд сүлжээнд холбогдсон, өндөр хурдны интернэтэд холбогдоод байна. Ингэснээр манай улсын хүн амын 99 хувь нь өндөр хурдны интернэтийг дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй  хямд  үнээр ашиглаж байна.

Өндөр хөгжилтэйд тооцогдож буй АНУ манайхтай ижил буюу 99 хувь, Шинэ Зеланд 95.9 хувь, Канад 93.8 хувьтай бий. Ингээд харьцуулаад харахад өргөн уудам нутагт тархан суурьшсан монголчууд бид харилцаа холбооны нэвтрэлт, түүний хэрэглээгээрээ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэж яваа.Сүлжээ нэвтрэлтийн үзүү­лэлтээ­рээ ч дэлхийн дунджаас дээгүүрт орж байгаа. Бүх аймаг, сумдад 3G, 4G сүлжээг хүргэж, уг сүлжээгээр дамжсан дата 2020 оноос хойш гэхэд л 3.2 дахин өссөн байна. Монголчууд бид өөрсдөө мэддэггүй ч энэ бол маш чухал үзүүлэлт юм.Дэлхий нийтийн хөгжлөө дагаад энэ салбар сүүлийн 25 жилийн хугацаанд бусад салбараа бодвол бие даан, үсрэнгүй хөгжиж байгаа салбар гэдэг нь олон улсад ч хүлээн зөвшөөрөгдөж байгаа.

-Сүүлийн 25 жилийн хуга­цаанд манай улсад энэ салбар үсрэнгүй хөгжсөн гэлээ шүү дээ.Зарим тодорхой жишээнүүдийг дурдаж болох уу?

-Тухайлбал, үүрэн холбооны 4G LTE сүлжээг 2016 онд улс орон даяар амжилттай нэвтрүүлсэн дэлхийн 25 дахь улс болсон. Давхардсан тоогоор нийт 4.8 сая үүрэн холбооны хэрэглэгчдийн маань 70.5 хувь нь энэ технологийн үр шимийг хүртэж байна.Дээр дурдсанаар үндсэн суурь дэд бүтцийг бий болгосноор Монгол улсад сүүлийн жилүүдэд цахим шилжилт эрс эрчимжиж, төрийн үйлчилгээнд, нийгэм эдийн засгийн салбар бүрд технологийн дэвшлийг ашиглан хөгжлийг хурдасгах боломжийг бий болгож байна.Үүний зэрэгцээ иргэн бүрд үзүүлж буй үр нөлөөг нь харвал зүгээр л өнөөдөр гар утасгүйгээр, интернэтгүйгээр оршин байх боломжгүй болсон шүү дээ.

Жишээ нь: хөдөө орон нутагт малчид маань малын бэлчээр дээрээ видео дуудлага хийж, хот сууринд сурч байгаа хүүхэд  рүүгээ   интернэт банк ашиглан гүйлгээ хийж байна. Зарим цаг, зав мөнгө үрдэг байсан үйлчилгээг цахимаар хэдхэн минут секундэд авдаг болсон гэх мэт жишээ дурдвал олон. Бид л мэдээлэл технологийн салбарын хөгжилтэй холбож харахгүй байгаагаас биш интернэт, сүлжээг даган олон боломж, ажлын байр, иргэдийн орлого нэмэгдэж буй жишээ олон бий. Дэлхийн банкны судалгаагаар 4G технологи нэвтэрсэн улс орнуудад ядуурал 4.3 хувь хүртэл буурч  байгаа эерэг үзүүлэлт гарсан байсан.

Манай үүрэн холбооны оператор компаниуд 2022 оноос 5G технологийг нэвтрүүлэх туршилтыг хэрэгжүүлж, зарим хөрөнгө оруулалтуудаа хэдийнэ хийгээд байна. 3G технологийн үед бид гар утаснаасаа интернэт ашиглах, төрөл бүрийн контент үзэх боломжтой ч чанарын хувьд тааруухан байсан бол 4G технологи ашигласнаараа илүү өндөр чанартай видео контент үзэх, шууд бичлэг дамжуулах боломжийг хүртэж, өнөөдөр хүн бүрийн гар утасны үндсэн хэрэглээ болоод байна. Тэгвэл 5G технологийн дамжуулалтын илүү өндөр хурд, маш бага хоцрогдол нь хүн ба төхөөрөмжийн харилцаанаас гадна төхөөрөмж хоорондын мэдээлэл дамжуулдаг, төхөөрөмжийг бодит хугацаанд алсаас удирдах боломжийг авчирна.Ингээд бодохоор Монгол улсын харилцаа холбооны салбар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, одоогоор ийм хөгжлийн хурдыг зөвхөн манай салбарт мэдэрч байгаа гэдэгтэй санал нийлэх байх аа.

-Салбарын хурдацтай хөгжилд технологийн ком­паниудын  бүтээн байгуулалт, үүн дээр нэмэгдээд салбарын эрүүл тогтолцоо бас нөлөөлж байгаа байх?

-Манай улс харилцаа холбооны салбар зах зээлийн харилцаанд зөв, оновчтой шилжсэн гэж боддог. Яг өнөөдрийн байдлаар мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар нь улс орны тэргүүлэх салбар мөн үү мөн.Гэхдээ энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд төрөөс ангид, цэвэр зах зээлийн өрсөлдөөний зарчмаар явж ирсэн нь дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх үндсэн шалтгаан болсон юм.Тодруулбал зах зээлийн харилцаанд шил­жих реформын бодлогын гол цөм нь төрийн бодлого болон зах зээлийн харилцааны зохи­цуулалтыгхооронд нь тусгаарлах байсан ба ингэснээрээ гадаадын болон хувийн хөрөнгө оруулалт, оролцоог бий болгож өрсөлдөөнийг нэвтрүүлэх замаар салбарыг либеральчилсан.Үүний дараа зах зээлийг үе шаттайгаар нээснээр үйлчилгээ эрхлэх хувийн хэвшлүүд нэмэгдэж, интернэт, интернэтэд суурилсан үйлчилгээнүүд нэвтэр­сэн. Төр нь бодлогын зорилго, зорилтууд, хүрсэн болон хүрэх үр дүнгээ тодорхойлж, харин зах зээлд тоглогчдын харилцааг зохицуулах чиг үүрэг бүхий зохи­цуулах бай­гууллага нь ажиллаж, зах зээлд төрийн өмчит болон хувийн хэвшлийн ААН-үүд яг ижил нөхцлөөр, ижил төрлийн лицензийн хүрээнд зах зээлд өрсөлдөх боломжийг олгосон юм.

Дэлхийн 150  гаруй улс орнууд яг энэ маягаар бие даасан зохи­цуулах байгууллагатай байдаг. Англи (Ofcom), Австралийн  (ACMA), Сингапурын (IMDA) гэх мэт олон олон зохицуулах байгууллагуудын жишгээр манай зохицуулах хороо ажилладаг.

Энэ салбарт компаниуд төрөөс ангид байснаар өөрсдийн зүгээс томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт  технологийг нэвтрүүлж, өрсөлдөөний үр дүнд үнэ тариф буурч, хэрэглэгчид нь дагаад өсөж, шинэ шинэ  хэрэглээг бий болгосоор байна. Үүний зэрэгцээ төрийн өмчит компаниуд нь яг ижил зах зээлд  хүчтэй хувийн хэвшилтэй өрсөлддөг тул бусад салбарын төрийн өмчит компаниудаас өөр хандлагатай, бизнес төвтэй компаниуд байдаг онцлогтой.  Түүхийн ийм үе шатуудын турш энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд харилцаа холбооны салбарын үсрэнгүй хөгжлийн түлхүүр “нууц” нь зах зээлийн харилцаанд төрийн оролцоог бага байлгаж, либералчлалыг зөв эхлүүлж хөгжүүлсэн хараат бус зохицуулалттай байсных гэж боддог.

-Тэгэхээр  харилцаа   холбооны зохи­цуулах байгууллага өөрөө их чухал институци юм байна. Гэхдээ яаж энэ тогтолцоогоо хадгалж явах вэ.Асуудлууд байдаг уу?

-Зохицуулах байгууллага нь төр биш юм. Хүмүүс төрийн бай­гууллага гэж ихээхэн андуурдаг. Зохицуулах байгуул­лагын үндсэн мөн чанар нь биз­нес эрхлэгчдэд чөлөөт өрсөлдөөн, хэрэг­лэгч­дэд өрсөл­дөөнөөс хүртэх үр шим, төрөөс тодорхойлсон хөгж­лийн зорилтыг хангах гэсэн гурван тулгуур эрх ашгийн огтлолцол дээрх төр, бизнес эрх­лэгчид болон хэрэг­лэгчдийн эрх ашгийн тэнцвэрийг хангахад оршдог.

Тэрээр зах зээлд тоглогчдын “үндсэн дүрэм”-ийг тодорхойлж, энэхүү “дүрэм” нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг хангаж чадах, үр ашигтай, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог.Үүний тулд зах зээлийн нөхцөл байдлыг тандаж, хаана ямар зохицуулалт хийх вэ гэдгээ тодорхойлж явдаг.Гэхдээ технологийн хөгжил, бизнесийн загваруудын өөрч­лөлттэй уялдуулж их эсвэл бага зохицуулагдах уу гэдэг нь тодорхойлогддог, өөрийн гэсэн зохицуулалтын арга хэрэгслийг ашиглаж маш уян хатан зохи­цуулалт хийгддэг.Тийм учраас ийм зохицуулалтыг төрөөс эсвэл хуулинд хатуу зааж зохицуулах боломжгүй байдаг.

Нэг жишээ дурдъя л даа.2014 онд сүлжээ хооронд дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх тухай нэмэлтийг“Харилцаа хол­бооны тухай хууль”-нд оруулсан боловч практикт хэрэгжээгүй.Учир нь зохицуулах байгууллага нь зах зээл, өрсөлдөөний нөхцөл байдлыг байнга тандан судалж, анализ хийж байдгийн хувьд ийм зохицуулалтыг либеральчлалын аль шатанд нэвтрүүлэх вэ гэдгийг тодорхойлох ёстой байдаг. Тухайн үед  дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх үе нь цаг хугацааны хувьд өнгөрчихсөн байсан. Энэ үйлчилгээ 2G үйл­чилгээний хувьд үр ашигтай байх магадлалтай байсан боловч 2014 онд манай улсад үүрэн холбооны 4G технологи нэвтрэх нь нэгэнт тодорхой болж улмаар мобайл дата эн тэргүүний ач холбогдолтой болсон байсан учраас энэ нь үр ашиггүй хөрөнгө оруулалт болох байсан. Тиймээс дараачийн технологийн шинэчлэлдээ хөрөнгө оруулалт оруулахыг бизнес эрхлэгчид илүүд үзсэн учраас бодит ажил болж чадаагүй.

Дахиад нэг жишээ, яг дээрхтэй ижил, үндэсний  рөүминг  үйлчил­гээг нэвтрүүлэх асуудлаар Харил­цаа холбооны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ дээр саяхан хөндөгдсөн.Үүнд нэвтрүүлэхээр санаархаж буй нэг үйлчилгээ нь Үндэсний рөүминг гэж харж байна. Энэ үйлчилгээг ихэнхидээ үүрэн холбооны үйлчилгээний тусгай зөвшөөрлийг бүсчилсэн байдлаар олгосон улс орнууд нэвтрүүлсэн байдаг.Харин манай улсын хувьд бүх үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд Монгол улсын нутаг дэвсгэрт гэсэн үүрэг хүлээлгэсэн байдаг.Тиймээс нэг уулан дээр оператор бүр өөрийнантен цамхагийг байгуулсан гэсэн үг юм.Харин хөрөнгө оруулалтын үр ашиг, өрсөлдөөний нөхцөл байдлаа тооцон үзээд дэд бүтэц, сүлжээгээ хувааж, хамтарч ажиллах нь одоогийн зохицуулалтаараа нээлттэй байгаа, хамтран ашиглаж буй тохиолдлууд олон бий. Тэгэхээр үүнийг хуулиар үүрэгжүүлэх биш зохицуулах байгууллагын(light regulation) бага оролцоотой зохицуулалтаар явж байгаа одоогийн нөхцөл хамгийн зөв юм.

Харин хуулиар зохицуулна гэдэг нь өнөөдрийг хүртэл 20-30 жилийн  турш  компаниуд өөрийнхөө хөрөнгөөр барьж байгуулчихсан сүлжээг “бусдад ашиглуул” гэж төрөөс захиргаадаж байгаатай адил юм. Яг л “Та хоолны газар ажил­луулдаг байлаа гэж бодъё. Өөрийн хөрөнгөөр байшингаа бариад, бизнестээ хэрэгтэй бүх зүйлдээ хөрөнгө оруулаад бэлтгэлээ  хийчихсэн байтал  төрөөс орол­цоод Балдантай бүтээсэн бүх юмаа хувааж хамт ажил” гэж байгаатай агаар нэг. Хэрэв хэн хэндээ ашигтай гэж үзээд хүсвэл хуваалцах нь хувь хүмүүсийн хувьд нээлттэй л асуудал биз дээ.

Хуулийн төсөлд “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, хамтран ашиглах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих” гэсэн заалт явж байгаа. Энэ нь “үндэсний рөүминг оруул” гэсэнтэй яг ижил, миний дахин давтан хэлээд байгаа “зах зээл, өрсөлдөөний зохицуулалт”-ыг хуулиар үүрэгжүүлэх гэсэн үйлдэл, хөгжилд чөдөр болох саад болно гэж харж байна. Иймээс салбарын хөгжлийн “амин сүнс” болсон, өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж буй  зөв жишгээсээ гажихыг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Нөгөө талаас олон арван жил хийсэн  хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, шударга бус өрсөлдөөний хөрс суурийг дэмжиж, ямар ч үр ашгийг авчрахгүй, урагшлах биш ухралт хийнэ.

-Тэгвэл технологийн компаниуд төрөөс ангид ямар шийдлүүд гаргаж байгаа бол?

-Тийм ээ.Мэдээж хэрэг улс орон, хэрэглэгчдэд гарч буй хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн шинэ технологи, шинэ үйлчилгээг салбарын байгууллагууд маань нэвтрүүлж хэрэгжүүлсээр ирсэн.Энд ямар нэг шинэ хуулийн заалт, зохицуулалт шаардлагагүйгээр чөлөөтэй хөгжиж ирсэн нь өрсөл­дөөнийхөө зарчмаар хурдтай хөгжих нэг шалтгаан юм. Яаралтай шийдвэрлэх шаардлагатай, эсвэл цаг үетэй холбоотой тулгарч байгаа асууд­лыг төрөөс заавал ямар нэг хуульд заалт оруулах, өөрчлөлт хийх шаардлагагүй, цаг алдалгүй нэвт­рүүлээд явах боломж оператор компаниуд, энэ салбарын бүх байгууллагуудад нээлттэй хэвээр байх нь чухал. Өнөөдрийг хүртэл яг энэ зарчмаар л явж ирсэн юм.

-Аль ч салбар хөгжихөд хөрөнгө оруулалтын хэмжээ чухал байдаг.Тэгвэл харилцаа холбооны салбар хөгжихөд хөрөнгө оруулалт хангалттай байж чадаж байна уу?

-Монгол шиг хүн ам цөөтэй, газар нутгийн хэмжээ том ийм улс оронд аливаа дэд бүтцийг байгуулах нь асар их хөрөнгө оруулалт шаардагдана.Тэр тусмаа дэлхий нийттэй хөл нийлүүлж, шинэлэг орчин үеийн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхийн тулд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглах шаардлагатай болдог.Зах  зээлийн багтаамж бага, үнийн хувьд олон улсын дунджаас доогуур. Ийм нөхцөлд шинэ технологи, инновац нэвтрүүлж үйлчилгээнийхээ чанарыг тогтмол сайжруулах нь том сорилт.Техник төхөөрөмж, програм хангамж, тэдгээрийн албан ёсны эрх, тэр ч битгий хэл интернэтийн урсгалыг импортоор гадаад валютаар худалдаж авдаг.Валютын ханш, инфляцын өсөлтөөс хамааран өсөж буй өртөг зардал ихээхэн нэмэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл харилцаа холбооны үнэ тариф нэмэгдэх нь битгий хэл буурсаар байгаа.Нөгөө талаас бид чинь бүрэн либералчлагдсан зах зээлийн ширүүн өрсөлдөөний үр шимээр сонголттой, бага үнэ тарифтай үйлчилгээ авч сурсан үнийн өсөлтөд маш “эмзэг” ханддаг хэрэглэгчидтэй. Нэгж хэрэглэгчээс олох орлого буурсаар байгаа.Гэсэн ч ХХЗХ-оос гаргасан судалгаагаар 2022 онд 366.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн, 2023 оны зөвхөн хагас жилийн байдлаар 231.01 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн, энэ тоо тогтмөл өсөж байгаа. Хэдийгээр ковидын үе байсан ч гэсэн сүүлийн 3 жилд гэхэд л 854 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.2024 онд 5G технологи нэвтрүүлэхэд үүнээс хэдэн арав дахин илүү хөрөнгө оруулалт шаардагдана.Гэхдээ л энэ бол миний өмнө дурдсанчлан урт хугацааны төлөвлөлтөө өөрсдөө хийж чаддаг “эрх чөлөө”-ний хүчээр л хөрөнгө оруулалтаа ч төлөвлөж чадаж байгаагийн илрэл юм даа.Үүний  зэрэгцээ олон мянган хүнийг ажлын байраар хангаж, сүүлийн гурван жилд  л гэхэд 854 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн гэхээр энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудаараа бахархахгүй байх аргагүй.

-Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци мэдээж энэ тал дээр саналаа хэлж ажиллах байх. Танайд хэчнээн  гишүүн компани нэгдээд байна вэ?

-Тийм ээ.Манай ассоциаци нь Монгол Улсын хэмжээнд шилэн кабелийн сүлжээ байгуулан ажиллаж буй Мэдээлэл Холбооны Сүлжээ, Скайнетворкс, үүрэн холбооны Мобиком, Юнител, Скайтел, Жи Мобайл компаниуд болон Монголын цахилгаан холбоо, Монгол шуудан зэрэг төрийн болон хувийн хэвшлийн компаниудын гишүүнчлэлтэй.

Ассоциаци нь Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын үр ашигтай, эрүүл, тогтвортой өсөлт, хөгжлийг хангах бизнесийн орчныг бий болгох чиглэлээр төр засгийн бодлогын болон, зохицуулалтын байгууллагуудтай үр ашигтай хамтран ажиллах, гишүүдийнхээ хууль  ёсны, нийтлэг ашиг сонирхол, эрхийг хамгаалах, нэгдсэн байр суурийг илэрхийлэх зорилготой. Бид эв нэгдэл, нийтлэг эрх ашиг, нэгдсэн байр суурь, хамтын шийдвэрийг эрхэмлэдэг.

Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: Өдрийн сонин