Харилцаа холбоо, сүлжээний цамхаг байгуулж ашиглалтанд оруулахтай холбоотой асуудлаар МХОА-ийн гишүүдийн дундах өглөөний уулзалтыг 2023.11.08-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтанд ХХЗХ-ны БХЗГ-ын дарга Т.Батболд, Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн хэлтсийн дарга Х.Нинжболор, ахлах мэргэжилтэн М.Ангараг, МХОА-ийн гишүүн байгууллагын инженер техник, хууль эрхзүйн хариуцсан дарга мэргэжилтнүүдийн төлөөлөл нийт 23 хүн оролцов.
Газрын дуудлага худалдааны үнэ өндөр, бааз станц, цамхаг байгуулахад барилга байгууламжийн байршил тогтоох хүсэлт гаргахаас эхлээд газрын зөвшөөрөл авч зураг төслөө баталгаажуулж, улсын комисс хүлээж авах хүртэл маш олон шат дамжлага дамждаг, эзгүй хээр талд баригдсан бааз станцын барилгыг хүлээж авахын тулд заавал улсын комисс ажиллуулдаг ч ямар нэгэн асуудал үүсэхэд тухайн компани өөрсдөө эрсдлээ хариуцдаг, аймаг суманд Иргэдийн төлөөлөгчдийн хурал товлогдсон цагт л материал хүлээж авдаг, газрын харилцаа, барилгын улсын байцаагч нар бодит байдал дээр хууль дүрмийг хэрэгжүүлэхдээ ялгаатай байдаг зэрэг асуудал тулгардаг тухай хэлж байв.
Санхүүгийн салбарт хяналт шалгалтыг Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороо хийдэг жишээг дурдаад манай салбар ч энэ жишгээр тухайн байгууллага, ААН дотооддоо аудит ажиллуулаад барилга байгууламжаа өөрсдөө хүлээж аваад хариуцаад явах бүрэн боломжтой тухай санал гарч байсан. 2022 онд яригдаж байсан Барилга хот байгуулалтын яамны газар зохион байгуулалтын нэгдсэн систем болох Land manager программд шинэчлэл хийж, давхцлыг зааг цэгийг тодорхой оруулж өгснөөр инженерийн шугам сүлжээнд гэмтэл саатал учруулахгүй байх гол нөхцөл бүрдэнэ гэв.
Түүнчлэн төрийн байгууллагын хяналт шалгалтын давхардал, ямар байгууллага юу шалгах нь тодорхой бус дурын байцаагч ирээд яг ижил зүйл шалгадаг нь хүндрэлтэй байгаа тухай ч ярилцав.
Уулзалтын төгсгөлд харилцаа холбооны сүлжээ цамхаг байгуулахад авдаг олон зөвшөөрлийг хялбаршуулах, тухайлбал газар нутгийн төлөвлөлт, бусад дэд бүтэцтэй уялдуулах асуудлыг барилгын салбарт үлдээж, бусад асуудлыг харилцаа холбооны салбарынхаа хүрээнд шийдэх боломжтой гэж үзэж энэ чиглэлээр ЦХХХЯ-нд танилцуулахаар тогтлоо.