“Төр, хувийн хэвшлийн дата төв, үүлэн технологи”   сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

"ICT EXPO-2023"-н хүрээнд зохион байгуулж буй “ICT Forum Mindgolia 2023” арга хэмжээ 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө. 

Технологийн хөгжлийн чиг хандлага, бодлого, шийдлийн талаар  хэлэлцдэг тус форумд технологийн тэргүүлэгч компаниуд, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, харьяа агентлаг, олон улсын байгууллагууд оролцлоо. Тус форумын гол зорилго нь тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлж буй шийдэл алхмуудаа хэлэлцэн стратегийн чухал шийдвэрүүдийг гаргадаг онцлогтой юм.

Форумын үеэр тус ассоциацийн гишүүн оператор компаниуд өнөө үед бидэнд хамгийн чухлаар тавигдаж байгаа сэдвүүдийг сонгон хоёр хэлэлцүүлгийг хийлээ.

Хурдацтай хөгжиж буй технологио дагаад мэдээллийн асар их бөөгнөрөл үүсч, түүнийг техникийн шаардлага хангасан, 24 цагийн тасралтгүй найдвартай ажиллагаатай, интернет, цахилгаан тэжээл, агааржуулалт болон хамгаалалтын иж бүрэн системд холбогдосон зориулалтын өрөө тасалгаанд байршуулах буюу өндөр хүчин чадал бүхий аюулгүй, стандартын шаардлага хангасан дата төвд хадгалах зайлшгүй хэрэгцээ үүсч байгаа учраас тус сэдвийг сонгож авсан.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дор бүрнээ дата төв байгуулж байгаа нь жижиг зах зээлтэй, цөөн хүн амтай манай улсын хувьд хэр зэрэг оновчтой шийдэл эсэх, цахим шилжилт эрчимжихийн хирээр стандарт шаардлага хангасан хувийн хэвшлийн дата төвийг ашиглах, дата төвийн бизнесийн хөгжлийн чиг хандлага зэрэг асуудлууд нь чухлаар тавигдаж байгаа учраас тус сэдвийг сонгож, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Тус сэдвийн хүрээнд хувийн хэвшлийг төлөөлж, “Дата төв, хөгжлийн чиг хандлага” сэдвээр “S Systems” компанийн менежер Д.Алтаншагай, тавьсан илтгэлдээ Дата төв байгуулан ажиллахад давуу тал болон тулгарч байгаа бэрхшээл, бизнесийн боломжуудын талаар илүү дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол улсын хувьд байгаль цаг уур, байршил, сэргээгдэх эрчим хүч, хоёр том хөршийн дунд байрлаж байгаа нь давуу тал боловч агаарын бохирдол, аюулгүй байдал, цахилгааны хүчдэл муу, ажиллах хүний нөөцийн хомсдол үүссэн зэрэг асуудал тулгарч байгааг онцолж байв. Харин “Үүлэн технологийн бизнесийн боломж, сорилт” сэдвээр Мобинет” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Ц.Идэрмөнх “Cloud буюу үүлэн технологийг ашиглах нь байгууллагууд зардлаа бууруулж илүү үр ашигтай, дата төв байгуулах болон ажиллуулах зардлыг 60 хувь хэмнэж байгаа тухай маш сонирхолтой тооцооллыг танилцуулсан. Мөн уламжлалт технологи болон үүлэн технологийн давуу болон сул талуудыг харьцуулж олон улсын жишээ, тоо баримтыг дурьдаж байсан. Эцэст нь төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж, дата хадгалалтыгүүлэн үйлчилгээнд шилжсэнээр эдийн засгийн болон хөгжлийн өндөр үр ашигтай байдлыг бий болгох боломжтой гэсэн санал, дүгнэлтийг хэлж байсан.