Шинээр батлагдсан Барилгын холбоо дохиоллын нормыг танилцуулах өглөөний уулзалт боллоо!

Барилгын хөгжлийн төвийн захиалгаар Мэдээлэл холбооны сүлжээ, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг Барилгын холбоо, дохиоллын зураг төсөл төлөвлөлтийн норм ба дүрмийг ассоциацийн гишүүддээ танилцуулах уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн А.Уранчимэг болон гишүүн операторуудын техник, ашиглалт үйлчилгээний газрын дарга, мэргэжилтнүүдийн нийт 20 хүн оролцлоо.

Мэдээлэл, харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн үйлчилгээг ашиглах болсон хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн “ухаалаг барилга” болгох боломжийг хангасан байдлаар дэд бүтэц, шугам, сүлжээг төлөвлөх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс аль ч барилга байшин холбооны стандарт шаардлага, техникийн өрөө, дохиоллын удирдлага, хяналтын өрөөтэй байхаар, босоо сувагчлалыг орон зайн хэлбэрээр, сүлжээний хувьд FTTH, FTTR технологи буюу шилэн кабелийг эцсийн хэрэглэгч хүртэл хүргэхээр төлөвлөсөн гэж Ажлын хэсгийн ахлагч Д.Мянганбаатар танилцуулав.

Уулзалтанд оролцогсод шинээр батлагдсан БНбД-ийг хэрэгжүүлэхэд тулгарах болзошгүй асуудлын талаар мөн санал солилцов. Төгсгөлд нь хэрэглэгчид интернетийн болон гурвалсан үйлчилгээг хүргэхэд дэвшил авчирсан, холбогдох талын мэргэжилтнүүдийн саналыг тусгаж, удаан хугацаанд няхуур ажиллаж байж батлагдсанд талархалтай байгаагаа дурьдаж, Ажлын хэсгийнхэнд баяр хүргэлээ.