ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газрынхантай уулзалт зохион байгуулав

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоолоор Цахим хөгжил харилцаа холбооны яамны бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, салбарын хяналтын газар байгуулагдсантай холбоотой мэдээлэл солилцох өглөөний уулзалтыг 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтанд ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газрын дарга С.Ганзориг, Харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч Б.Бүрэнжаргал, улсын байцаагч Д.Даваасамбуу, Х.Шинэцэцэг, хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж, ХХЗХ-ны ЗБХГ-ын ХХДБХ-ийн дарга Х.Нинжболор, ХХДБХ-ийн мэргэжилтэн бөгөөд хяналтын улсын ахлах байцаагч М.Ангараг, Хуулийн хэлтсийн дарга Т.Ууганбат болон МХОА-ийн гишүүдийн холбогдох ажилтнууд нийт 25 хүн оролцож, санал бодлоо солилцов.  

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газрын дарга  С.Ганзориг “Тус газар нь холбогдох хууль, дүрэм журмын дагуу эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжид заасан хяналт, шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, харилцаа холбооны салбарын хяналтыг улсын хэмжээнд удирдаж, нэгдсэн бодлого, арга зүй, зохион байгуулалтаар хангах, сургаж мэргэшүүлэх зэрэг чиг үүргийн хүрээнд ажиллана. Салбарын хяналт ЦХХХЯ-нд ирснээрээ салбарт үйл ажиллагаа явуулж буй компани, ААН-үүдийг хянаж шалгах, хариуцлага тооцох гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эрсдлийн үнэлгээ гаргаж, заавар зөвлөгөө өгөх чиглэлээр илүү нээлттэй ажиллах бодлогыг баримтлан ажиллана” гэдгийг хэлж байв.

Тус уулзалтын гол зорилго нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь бусад салбараас онцгой учраас салбарынхаа онцлог, тулгарч буй асуудлыг ойлгож, мэдэрч ажиллах шаардлага үүссэн байгааг тайлбарлахын зэрэгцээ МХОА-ийн гишүүд шинээр байгуулагдсан салбарын хяналтын газар ямар зарчмаар хэрхэн ажиллах талаар нэгдсэн ойлголттой болсноор тулгарч буй бэрхшээлүүдээ ярилцаж, шийдэл хайх байлаа.

Оператор компаниудын хувьд ХХЗХ-ны болон төрийн хяналт шалгалт давхардахгүй, хэн нь юуг хянаж шалгах нь тодорхой байх, салбар хоорондын зохицуулалтын асуудлуудыг авч үзэж, уялдаа холбоог хангах, өөрийн салбарын хяналтыг зохих түвшинд нь оруулахыг хүсч байгаагаа илэрхийлэв.