“Харилцаа холбооны хөгжил – 2022” бүсийн семинарт оролцлоо

Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг бүсийн семинар 2022 оны 10 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Дархан хотод болж өнгөрлөө. Тус семинарт Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн бүс нутагт харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгч 90 байгууллагын төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнөөр харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын цаашдын чиг хандлага, бүс нутгийн үйлчилгээ эрхлэгчдийн тулгамдаж буй асуудал гарц шийдлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Дархан-Уул аймгийг дижитал шилжилтийн жишиг аймаг болгохтой холбоотой асуудлаар МХОА-н Гүйцэтгэх захирал У.Тамир болон Харилцаа холбооны зохицуулах хорооны  ХХСДБХ-ийн дарга Х.Нинжболор нар сүлжээ байгуулах, ашиглах, хамгаалахтай холбоотой асуудлаар /Right of way/ Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлантай уулзаж, санал бодлоо солилцлоо.  

Тус уулзалтын үр дүнд цахим монгол экосистем, түүнийг бодит болгох архитектурын үндэс суурь болох мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг өргөтгөх, барьж байгуулах, төлөвлөхөд баримтлах норматив баримт бичгийг “ухаалаг” хэрэглээнд нийцүүлэн шинэчлэн боловсруулж батлах, сүлжээг гэмтээхгүй, үйлчилгээг тасалдуулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор зурвас газрын хамгаалалтыг сайжруулах, энэ чиглэлээр салбар хоорондын уялдааг хангах зохицуулалт бий болгохыг зорьж байна.