Бүх нийтийн үүрэгт үйлчилгээний бодлогын төслийг хэлэлцлээ

ЦХХХЯ-наас боловсруулсан Бүх нийтийн үүрэгт үйлчилгээ (БНҮҮ)-ийн талаар баримтлах бодлогын чиглэлд санал өгөх зорилгоор МХОА-иас ээлжит өглөөний уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтанд ЦХХХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай,  Харилцаа холбооны дэд бүтцийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болорчимэг, Харилцаа холбооны хөгжлийн бодлого хариуцсан ахлах шинжээч Б.Эрдэнэ, ХХЗХ-ны Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн хөгжлийн хэлтсийн даргаа Х.Нинжболор, БНҮҮ хэрэгжилт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Дөлгөөн болон ассоциацийн гишүүдийн хууль, бодлого, стратеги хариуцсан блон техникийн захиралууд, холбогдох мэргэжилтнүүд нийт 21 хүн оролцож, санал солилцов.

МХОА-ийн гишүүдийн зүгээс БНҮҮ бодлого гаргах гэж байгааг дэмжин сайшааж, тодорхой саналуудыг хэлэв. Тухайлбал юуны түрүүнд хуулиар тодорхойлсон БНҮҮ гэдэг томъёололд багтсан алслагдсан орон нутаг, үйлчилгээ хүрээгүй хүн ам, харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээ гэдгийг ойлгомжтой тодорхойлох шаардлагатай. БНҮҮ-нд үүрэн холбооны дараа үеийн, өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг оруулах нь хэт өргөн хүрээтэй харагдаж байгаа бөгөөд олон улсын жишгээр бол харилцаа холбооны наад захын үйлчилгээ гэж үздэг учраас л чухам үүнийг буюу харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээгээ тодорхой болгох ёстой. Магадгүй интернетийн үйлчилгээг хүргэх хурдны хэмжээг зааж өгөх, түүнчлэн операторууд өрсөлдөөний зарчмаар орж болох зах зээлийг БНҮҮ-т хамруулахгүй байх нь зохистой. БНҮҮС-аар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөхөд шаардлагатай судалгааг БНҮҮС-аас хийвэл сангийн хөрөнгийн зориулалтын бус зарцуулалт болж болзошгүй тул Харилцаа холбооны хуулинд заасан БНҮҮ талаарх бодлого боловсруулах чиг үүргийнхээ хүрээнд ЦХХХЯ өөрөө хийх нь хуулинд нийцэхээр харагдаж байна. Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо хийж буй хөрөнгө оруулалтын хүрээнд улсын төсвөөр хэрэгжүүлж буй алслагдсан баг, хүн амд зориулж харилцаа холбооны сүлжээ байгуулахад зарцуулж буй хөрөнгө нь харилцаа холбооны дэд бүтэц, сүлжээг хөгжүүлэх бодлоготой уялдахгүй, үргүй хөрөнгө оруулалт болж байгааг шүүмжилж, энэ хөрөнгийн эх үүсвэрийг  БНҮҮС-д төвлөрүүлэх боломжийг эрх зүйн боломжийг бүрдүүлж, ЦХХХЯ-ны нэгдсэн бодлого төлөвлөлтөнд оруулж явах зайлшгүй шаардлагатай гэж үзэж буйгаа яамныхандаа илэрхийллээ. Түүнчлэн бодлогоо гаргахдаа ЗГ-аас баталдаг БНҮҮС-д хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах журамд оруулах өөрчлөлтийг хамтад нь авч үзэж хийх нь цаашид гаргасан бодлого бодитой хэрэгжих үндэс болно гэсэн саналыг онцлон хэллээ.  

ЦХХХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо “Цахим шилжилттэй холбоотой зөвхөн дэд бүтцийн бус МТ-ийн хөрөнгө оруулалтын хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор бусад салбарын ийм төрлийн хөрөнгө оруулалтууд ЦХХХЯ-нд хянагддаг болж байгаа. Үүнтэй адилхан УИХ-ын гишүүдийн тойрогтоо хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийг ЦХХХЯ-наар дамждаг асуудлыг Сангийн яамтай ярилцаад шийдвэрлэх талд яамны зүгээс ажиллая. Та бүхнээс гарсан практик ач холбогдолтой саналуудыг бодлогодоо тусгахад анхаарч ажиллана” гэв.