УИХ-ын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, үүрэн телефоны оператор компанийн удирдлага, төлөөллийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр Төрийн ордны Их эзэн Чингис хааны танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтанд МХОА-ийн Ерөнхийлөгч, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, МХОА-ийн Гүйцэтгэх захирал У.Тамир, Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Курушима Кожи, хууль эрх зүй, зохицуулалтын газрын захирал Э.Эрдэнэсүрэн, Юнител компанийн хууль эрх зүй, бодлого зохицуулалтын газрын дэд захирал Б.Анхбаяр, хуульч А.Ням-Очир, Скайтел компанийн санхүүгийн газрын захирал Б.Болорчулуун, ЖиМобайл ХХК-ийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Р.Сумъяа, техник төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн дарга Д.Пүрэвжаргал нар оролцож санал бодлоо солилцлоо.
Тус уулзалтаар МХОА-иас Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил болон өнөөгийн нөхцөл байдлыг товч танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өглөө. Дэлхийн нийтээрээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед 5G сүлжээг Монгол улсад нэвтрүүлэх, салбарын хуулиудад мэргэжлийн байгууллагуудаас санал авдаг байх, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дэргэдэх зөвлөлд холбогдох төлөөллийг оролцуулах, төрийн байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зэрэг асуудлуудад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
ИЦББХ-ны дарга Э.Батшугар хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг ханган хамтран ажиллаж, салбарын хэмжээнд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлэв. МХОА-ийн зүгээс уулзалтын үеэр яригдсан асуудлыг албан ёсоор нэгтгэн өгч, ойрын хугацаанд дахин уулзалт зохион байгуулахаар боллоо.