Оператор компанийн удирдлагууд шинэ сайдтай уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал МХОА-ийн гишүүн байгууллагын удирдлагуудтай 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр уулзаж, сайдын зүгээс баримтлах бодлого, зорилтоо танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад МХОА-ийн Ерөнхийлөгч бөгөөд Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат, МЦХ компанийн Гүйцэтгэх захирал Б.Чинбат, Мобиком корпорацийн Хууль эрхзүй, бодлого зохицуулалт эрхэлсэн Дэд захирал Э.Эрдэнэсүрэн, Скайтел компанийн Гүйцэтгэх захирал Г.Амарчингүн, Юнител компанийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, ЖиМобайл компанийн Гүйцэтгэх захирал Г.Магнай, Скайнэтворкс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Энхмэнд, МХОА-ийн Гүйцэтгэх захирал У.Тамир нар оролцов.  

Сайд Н.Учрал хэлэхдээ “Харилцаа холбооны тодорхой төрлөөр төрийн бодлого дутагдсанаас засах, сайжруулах шаардлагатай нөхцөл байдал үүссэн. Тиймээс зохих бодлогыг эргэн харна, шаардлагатай бол Харилцаа холбооны хуулинд өөрчлөлт оруулна. Орчин цагийн хэрэглээ хэв маягт нийцсэн инновацлаг, өрсөлдөх чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлж, улс төрийн бодлогын дэмжлэг үзүүлэхэд анхаарч, манлайлал үзүүлж, хурдтай, нягт хамтран ажиллахаа хариуцсан сайдын хувиар илэрхийлж байна. Улс орны нийгэм, эдийн засагт, хөгжлийн бусад бүхий л салбарт хувь нэмрээ оруулах, инженер, дэд бүтэц, технологийн шийдлээр дэмжин хамтран ажиллах боломж манай салбарт дүүрэн бий бөгөөд илүү нээлттэй, хариуцлагатай, ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллах нь чухал юм” гэв.

Цаашид тэрбээр цахим хөгжлийн багц хуулиудыг дагалдах 37 журмын хэрэгжилт, төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, авлигын индексийг бууруулах чиглэлд хурдтай ажиллах болно гэдгээ ч илэрхийллээ. Мөн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь бусад салбараас илүүтэй нарийн мэргэжил шаарддаг учраас төр заавал бүх ажлыг хийхгүй, зарим ажлыг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор хийлгэж, аутсорсинг хийхэд анхаарна. Манай салбар бүрэн либеральчлагдсан, хувийн хэвшлийн өндөр манлайлалтай салбар, тиймээс төр хувийн хэвшилтэй өрсөлдөж бизнес хийхгүй, төр хувийн хэвшлийн түншлэлийг үр дүнтэй хэрэгжүүлсэн салбар байх болно" гэдгийг онцлон хэллээ.