Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа гарахгүй болсонтой холбоотойгоор Монгол банкнаас цаашид ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар санал солилцох уулзалтыг 2022 оны 08 сарын 24-ны өдөр зохион байгуулав. Тус уулзалтанд МХОА болон оператор компаниудын төлөөлөл нийт 12 хүн оролцлоо.
Монгол банкны зээлийн мэдээллийн албаны дарга Б.Баасандорж 2022 оны 10 сарын 1-нээс эхлэн Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгөөр технологид суурилсан, ухаалаг шийдлүүдээр зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, иргэдэд санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Титан Си Ар Эй” ХХК, “Бүрэн Скор” ХХК-иуд нь цаашдаа зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг аж ахуй нэгж байгууллагад үзүүлэх болсон тухай мэдээллийг бидэнд өглөө. Тус компаниудын эцсийн бүтээгдэхүүн нь зээлдэгч зэрэглэл (credit score) бий болгох бөгөөд олон улсын стандарт аргачлалын дагуу боловсруулсан, эрсдэлд суурилсан, оролцогч талуудад оновчтой шийдвэр гаргахад туслах, зээлийн мэдээллийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх замаар санхүүгийн зах зээлийн хүртээмжийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах, ард иргэдийг өрийн дарамтаас сэргийлэх, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилготой юм байна.
Бидний зүгээс Монгол банк тухайн тусгай зөвшөөрөлтэй компаниудтайгаа хамтран иргэдэд зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авах үнэ тарифын талаар нэгдсэн зохицуулалт хийж өгөх, E-Mongolia платформ болон тусгай зөвшөөрөлтэй дараах 2 компаниас гарах зээлийн мэдээллийн сангийн зөрүүний асуудлыг иргэдэд ойлгомжтой байдлаар мэдээлэх, гарсан шийдвэрийн дагуу албан бичгээр хариу өгөх гэсэн хүсэлтүүдийг тавьсан бөгөөд Монгол банкны зүгээс холбогдох хүмүүст уламжилж, удахгүй хариу өгнө гэдгээ илэрхийллээ.