Монгол улс Дэлхийд харилцаа холбооны хөгжлөөрөө хаана яваа вэ?

Монгол улс мэдээлэл, харилцаа холбооны салбартаа дэлхийд ямар түвшинд явж байгааг тодорхойлох зорилгоор МХОА-с “Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны хөгжил дэлхийн түвшинд” сэдэвт судалгааг хийсэн. Тус судалгааны үр дүнг танилцуулах зорилготой Өглөөний уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ХХМТГ, ХХЗХ болон гишүүн байгууллагын холбогдох дарга, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулав. 

Тус судалгаанд Монгол Улсын болон дэлхийн мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжлийн өнөөгийн байдал, салбарын үндсэн үзүүлэлтүүдийг дэлхийн болон бүс нутгийн улс орнуудын дундаж үзүүлэлттэй харьцуулсан харьцуулалтыг оруулсан. Мөн олон улсын байгууллагууд болох ITU (ОУЦХБ), GSMA-аас гаргадаг үнэлгээний индекс дэхь Монгол Улсын үнэлгээ багтсан юм.  Facebook (одоогийн META) компанийн захиалгаар хийгддэг Английн “Economist” сэтгүүлээс гаргадаг “Интернэтийн хүртээмжийн индекс” юм. Индексийг 2021 оны байдлаар гаргасан ба Монгол Улсын МХХ-ны салбарын бүх талын хөгжлийн өнөөгийн түвшинг дэлхийн улс орнуудтай харьцуулж эрэмбэлсэн.  Судалгааг танилцуулах ажлын хүрээнд харилцаа холбооны салбарыг тодорхойлох гол хүчин зүйл болсон үзүүлэлтүүдээс гадна дэд бүтэц, интернэтийн хүртээмж, үйлчилгээний үнэ тариф, цахилгаан эрчим хүчний хүртээмж, салбарын бодлого гэх мэт үзүүлэлтүүдийг авч үзсэн нь Монгол Улсын хэмжээнд энэ салбарын хөгжил нь цаашид ямар хүчин зүйлээс хамаарч хөгжих, төр засаг ямар бодлого хэрэгжүүлэхэд шаардлагатайг харуулахыг зорьсон. Уулзалтад оролцогсод цаашид ямар үзүүлэлтүүд дээр түлхүү анхаарч ажиллах вэ гэдэг асуудлаар санал солилцон, үйл ажиллагаандаа тусгах чиглэлд санал нэгдэв.