“Олон нийтийн мэдээлэл харилцааны ажилд нийтлэл бичвэрийн төрлийг ашиглах нь” сургалтыг зохион байгуулав

Ассоциациас мэдээлэл, харилцаа холбооны салбарын аналтик нийтлэлч, идэвхитэн бичигч бэлтгэх зорилгоор “Олон нийтийн мэдээлэл харилцааны ажилд нийтлэл бичвэрийн төрлийг ашиглах нь” сэдэвт онол, арга зүйн интерактив сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтыг Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны сургагч багш Ц.Чимиддондог удирдан явуулсан бөгөөд Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар /ХХМТГ/, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо /ХХЗХ/ болон тус Ассоциацийн гишүүн байгууллагын эрх зүй, бодлого зохицуулалт, маркетинг, технологийн газрын дарга, менежерүүдээс бүрдсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй байв.

ХХМТГ-ын Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо, ХХЗХ-ны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн Х.Нинжболор, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ч.Оюунгэрэл,  Монголын цахилгаан холбоо ХК-ийн Маркетинг борлуулалтын газрын ерөнхий менежер Ж.Энэбиш, Скайтел групп ХХК-ийн Борлуулалт үйлчилгээний газрын дэд захирал Г.Амарчингүн, Мобиком групп ХХК-ийн Сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны менежер Э.Ариунсанаа, Мобиком нэтворкс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Идэрмөнх, Мэдээлэл холбооны сүлжээ ХК-ийн орлогч дарга Б.Мөнхбат, Монгол шуудан ХК-ийн эдийн засагч Д.Отгонболд, МХОА-иас Я.Сувданчимэг нар оролцлоо.

Тус сургалт нь нийтлэлийн төрөл зүйлийн цогц мэдлэгийг олгож, асуудал хөндсөн, анализ хийсэн өгүүлэл бичих ур чадварыг эзэмшүүлж харилцаа холбооны салбарт хөндөгдөж буй чухал сэдэв, агуулгаар өдөр тутмын сонин, цахим хуудас, нийгмийн сүлжээгээр хэрэглэгч, шийдвэр гаргагч, олон нийтэд стратегийн ач холбогдол бүхий зөв, шинэ ойлголтыг сонирхолтой хэлбэрээр түгээдэг болох зорилготой. Сургалтанд оролцогчид арав гаруй сэдвийг сонгож, өгүүлэл бичиж эхэлсэн бөгөөд сургалтын явцад онолын мэдлэгээр баяжуулж, цаашид үргэлжлүүлэн 11 сардаа багтаан бичиж хэвлүүлэх юм. Багш Ц.Чимддондог сургалтын явцад ч, өгүүллүүдийг хэвлэн нийтэлтэл тэднийг удирдан чиглүүлэх  юм.

2020 онд тус ассоциациас хийсэн “Дижитал хувьсалд сэтгүүлчид бэлэн үү” сэдвийн хүрээнд хийлгэсэн судалгааны үр дүнгээс харахад харилцаа холбоо, мэдээллийн технологийн  салбарын асуудлаар асуудал хөндсөн, анализ хийсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хангалттай байдаггүй, салбарын талаарх сэтгүүлчдийн ойлголт муу, мэдээлэл авах эх сурвалжаа мэддэггүй, техник технологийн хөгжил шинэ боломжуудыг зөвхөн нэр томьёо төдийнхөөр хардаг зэрэг дутагдал илэрсэн  нь тус сургалтыг зохион байгуулах хөшүүрэг болсон юм.

Бид тухайн нийтлэлчдээ сонгохдоо салбарын хөгжлийг бүтэн зургаар харж чаддаг,  асуудалд анализ дүгнэлт хийж шийдэл гаргалгаа гаргах чадвартай, бичих сонирхолтой байх гэсэн ерөнхий шалгуурыг тавьсан бөгөөд эдгээр хүмүүсийг шат дараатай сургаж бэлтгэснээр салбарт тулгамдаж буй асуудлыг хөндөж, эрх баригч шийдвэр гаргагчдын түвшинд ойлголт мэдлэг өгөх, эрх зүй болоод техник технологийн мэдээллийг цаг тухайд нь энгийн үг хэллэгээр олон нийтэд ойлгуулан таниулах, судлаачид болон сэтгүүлчдэд эх сурвалж болох зэрэг давуу талтай гэж үзэж байгаа юм.